Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв Цэнгэлдэх хүрээлэнд Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны соёолон насны морьд Хүйн долоон худагт барианд орлоо.
Соёолон насны морьдын уралдаанд 217 хурдан хүлэг бүртгүүлснээс 152 нь гараанаас тоосоо өргөн, хурд, шандасаа сорин давхисан юм. Үндэсний их баяр наадмын хурдан морины комиссоос соёолон морьдын түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын арвай тамгатай хүрэн морь түрүү магнайд хурдалсан болохыг баталгаажууллаа.
Аман хүзүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат уяач Лхагвадоржийн Анхбаатарын наран тамгатай хул морь,
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд,
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын саарал соёолон,
Айргийн тавд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорын Доржрагчаагийн буган хээр морь тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олон наадамчдаа баярлууллаа.