Монгол Улсын Их Хурлын ес дэх бүрэн эрхийн Анхдугаар чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор Ерөнхий сайдыг томилох; Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал байсан билээ.
2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан болохыг дурдсан юм.
Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан аж.
Шинээр томилогдон ажиллах Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд хоёр байгаа ба Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар ажиллаж байна.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс