Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Хэлэлцээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Рю Поб Мин нар нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, стратегийн түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд энэхүү хэлэлцээр нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
Эхний шатны хэлэлцээний үеэр гарсан үр дүн, ахиц дэвшилд тулгуурлан бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны гол салбаруудыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр 2024 оны 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд хэлэлцээ өрнүүлэх юм.
Хэлэлцээрийн зорилго нь худалдааны урсгалыг жигд, үр ашигтай явуулахын тулд тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчид, иргэдэд шинэ боломжуудыг бий болгоход чиглэх юм.
Энэ удаагийн хэлэлцээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад холбогдох байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.