Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
· Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбогдуулж Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоов.
· Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлав.
· Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов. Л.Мөнхзул нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч, 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, улсад 25 жил, төрийн албанд 17 жил ажилласан туршлагатай.
· Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан талаар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өглөө. Тус компанийн ашиглаж байгаа хүдрийн овоолго, катодын зэсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгааны болон усны хязгаарлалт тавьсантай холбоотойгоор цөөрмийн дүүргэлт нэмэгдэж, цөөрмийн далан халих, уусмалын ууршилт температурын бууралтаас хамаарч багасах, уусмалын хүчиллэг чанар буурч, зэсийн тунадас үүсэх, үйлдвэрийн шугам хоолой, тоног төхөөрөмжид талстжилт, тунадасжилт үүсэж бөглөрөх нөхцөл бүрдсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.