Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид “Mongolia House”-д зочилж, ирэх есдүгээр сард манай улсад зохион байгуулах “Улаанбаатарын цом” тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцжээ.
Энэ нь 2028 оны Олимпын мөчлөгийн хамгийн анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. “Mongolia House”-д болсон уг уулзалтад АНУ, Канад, Их Британи, БНСУ, Нигери, Нидерланд, Швед, Чехийн боксын холбооны удирдлагууд ч оролцсон байна. Дэлхийн боксын холбоог өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Олимпын хөтөлбөрт боксыг үлдээх нэн тэргүүний зорилготойгоор байгуулжээ.
ОУОХ нь Олон улсын боксын холбоог засаглал, санхүүжилт, шүүлтийн асуудалтай холбоотойгоор 2023 оны зургаадугаар сард гишүүнчлэлээсээ хассан. Парисын Олимпын боксын тэмцээнийг ОУОХ-ны тусгай нэгж зохион байгуулж буй билээ. Одоогоор боксын спорт “Лос-Анжелес 2028” наадмын хөтөлбөрт багтах эсэх нь баталгаажаагүй.
Ташрамд дурдахад, Монгол Улс уг холбоонд элссэн анхны Ази тивийн орон юм. Энэхүү холбоонд одоогоор 37 орон гишүүнчлэлтэй болсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул