Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны 7 дугаар сард 10.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар өсчээ. Тухайлбал, өнгөрсөн 7 дугаар сард экспортоор 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 20 хувиар өссөн байна. Өссөн дүнгээр экспортын хэмжээ 54.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар өсчээ. Импортын ачаа өнгөрсөн 7 дугаар сард нийт 580.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна.
Ачаа тээврийн үзүүлэлт өссөн дүнтэй гарч буй нь зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойг судалгааны мэргэжилтнүүд хэлж байна.
Тухайлбал, бүх төрлийн тээврээр өнгөрсөн долдугаар сард 9.9 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 85 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тоон мэдээлэлд дурьджээ.
Бүх төрлийн ачаа тээврийг дото нь автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврээр ангилсан тоон мэдээллийг сонирхуулъя.
- АВТО ТЭЭВЭР: Өнгөрсөн 7 дугаар сард автотээврээр 7.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар өссөн байна. Үүнээс экспортод 7.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар, импортоор 222.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 10.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР: Мөн өнгөрөгч долдугаар сарын байдлаар төмөр замаар нийт 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсчээ.
- АГААРЫН ТЭЭВЭР: Энэ оны 7 сард 925.5 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 59.4 хувиар өссөн байна.