Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Сайдын зөвлөх Ш.Ганхуяг, Л.Чой-Иш, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газрын дарга С.Сүхбат, М.Мэндбаяр нар, Энержи Ресурс ХХК-ийн талаас Группын СЕО Г.Батцэнгэл, Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч, салбарын захирал С.Лхагва-Очир, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнтуяа, Ухаа худаг уурхайн дарга Г.Баярмагнай, Захиргааны албаны дарга А.Батбаясах, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож тус компанийн уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамжийн систем бүхий байгууламжийн үйл ажиллагааг танилцуулж, цаашдын стратеги төлөвлөгөөний талаар санал солилцов.
Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 2009 оноос үйл ажиллагаагаа эрхэлж байна. Тус хугацаанд Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолборын дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөнийг онцлон танилцуулав.
“Энержи Ресурс” ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортлогч бөгөөд Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаа тэмдэглэв. Энэ хүрээнд жилд тус бүр 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай нийт 3 модульд суурилсан үйлдвэрийн I модуль 2011 онд, II модуль 2012 онд, III модуль 2013 онд тус тус ашиглалтад оруулжээ.
Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг төслийг цогцоор нь хөгжүүлэхэд нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2009 оноос хойш улсын төсөвт 1.2 их наяд гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 2,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ. Түүнчлэн нийт ажиллагсдынхаа 40 орчим хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж 4,000 орчим хүн шууд ажлын байраар хангагдаж байгаа аж.
Ухаа худаг цогцолборын дэд бүтцийн шийдлийн хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц баригдаж, 2011 оны 9-р сард ашиглалтад орсон. Энэхүү цахилгаан станц уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байгаатай салбарын сайд Ц.Туваан танилцав.
Тэрбээр, цаашид Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд тус бүс нутагт үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй асуудлууд, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.