“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмын хаалтын /2024.09.08/ өдөр болсон пауэрлифтингийн тэмцээний хэвтээ шахалтын 107 кг жинд Паралимпын наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин эхний оролт 243, 2 дахь оролтод 248 өргөж 3 дахь буюу сүүлийн оролтоор 260 кг захиалж амжилтгүй болсноор паралимпын алт /Токио-2020/, хүрэл /Рио-2016/ медалиа иж бүрдэл болгож “Парис-2024” паралимпын мөнгөн медальтан боллоо.
Ийнхүү Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Э.Содномпилжээ зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин болж байна.
”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүлийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин билээ.
Монгол Улсын баг энэ удаагийн паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаар өндөрлүүлж байгааг Монголын Үндэсний Олимпын хороо мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!