Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.
Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.
Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв.
Талууд хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!