ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 3 /BBC/. Дөрвөн сарын өмнө сонгуульд томоохон ялагдал хүлээсэн Их Британийн Консерватив нам шинэ даргаа өчигдөр сонголоо.
Тус намыг одоо Риши Сунакийн оронд Кеми Баденок удирдах бөгөөд Британийн улс төрд олон зуун жил ноёрхож байсан хэдий ч Brexit-ийн дараа нуран унасан намыг сэргээх таван жилийн урт бөгөөд зовлонтой үйл явцыг эхлүүлэхээр болж байна.
Уинстон Черчиль, Маргарет Тэтчер, Борис Жонсон нарын удирдаж байсан тус нам 2019 оны сонгуульд үнэмлэхүй олонхын санал авч байсан боловч энэ оны зургаадугаар сард болсон сонгуульд Хөдөлмөрийн намд хамгийн том ялагдал хүлээж, 650 суудалтай Нийтийн танхимд ердөө 121 суудалтай хоцорчээ.
Намын даргын сонгуульд аядуу үзэлт нэр дэвшигч, Гадаад хэргийн сайд асан Жеймс Клеверли маргаангүй тэргүүлж байсан ч хэт баруун жигүүрийн төлөөлөгч болох К.Баденок эцэст нь яллаа. Тэрбээр Сунакийн Засгийн газарт Худалдааны сайдын албыг хашиж байсан юм.
Өдгөө 44 настай К.Баденок Их Британийн улс төрийн гол намын даргаар сонгогдсон түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй болж байна.
К.Баденок Лондон хотод Нигерээс ирсэн цагаачдын гэр бүлд төрсөн байна. Тэрбээр Сассексийн их сургуулийг компьютерийн инженер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа программ зохиогчоор эхлүүлж байжээ. Хожим нь хуульч мэргэжлээр суралцсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!