НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /Bloomberg/. "Tesla" компанийнх нь хувьцаа 15 шахам хувиар өссөнөөр Илон Маскийн хөрөнгө 26.5 тэрбум ам.доллароор нэмэгдсэнийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээлэл харуулжээ.
Лхагва гаргийн арилжаа хаагдах мөчид “Tesla”-ийн хувьцааны үнэ 14.75 хувиар өсөж, 228.53 ам.долларт хүрсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Дональд Трампыг ил тод дэмждэг И.Маскийн нийт хөрөнгийн хэмжээ 290 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр тэрбээр тэрбумтнуудын чансааг тэргүүлсэн хэвээр байна. Чансааны хоёрдугаарт 228 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос бичигдэж байгаа бол “Meta” компанийн тэргүүн Марк Цукерберг 202 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө гуравдугаарт жагсаж байна.
И.Маск 2024 оны 7 дугаар сараас хойш Д.Трампыг идэвхтэй дэмжсээр ирсэн юм. Сонгуульд ялсан тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах хороог удирдах саналыг тэрбумтан И.Маскт тавихаар төлөвлөж байгаагаа Д.Трамп мэдэгдэж, харин И.Маск энэ саналыг нь хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!