Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтарч “Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна.
“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна.
Энэ хүрээнд тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэд шалгалтын удирдамжийг танилцуулан эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулж байна.
Тус хяналт шалгалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн З.Гэрэлт-Үжин, Захиргаа, удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан ажилтан Х.Түвшинжаргал болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат, ахлах шинжээч М.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!