СӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /NHK/. Хуванцар хог хаягдалтай тэмцэх тухай НҮБ-ын анхны гэрээг боловсруулах асуудлаарх олон улсын хэлэлцээ даваа гарагт буюу өнөөдөр Өмнөд Солонгосын Бусан хотод эхэлжээ.
Хуванцрын бохирдлыг арилгах талаар олон улсын заавал биелүүлэх гэрээг 2024 оны эцэс гэхэд байгуулах үндэс суурийг тавихыг уриалсан тогтоолыг хоёр жилийн өмнө НҮБ-ын Байгаль орчны ассемблейн хурлаар баталсан юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ мэдээллээр, 2000-2019 оны хооронд дэлхий дээрх хуванцар хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 353 сая тонн болжээ. Хуванцрын бохирдлын хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь өдгөө тулгамдаж буй гол асуудлуудын нэг болоод байна.
Европын Холбоо болон Африкийн орнууд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэгдсэн журам нэвтрүүлэхийг уриалж байгаа бол Хятад, Энэтхэг болон газрын тос олборлогч орнууд ийм журам нэвтрүүлэхийг эсэргүүцэж байна. Газрын тос нь хуванцар материалын гол түүхий эд юм.
Улс орон бүр өөрийн нөхцөл байдалд тулгуурлан тодорхой зорилт, стандартыг тогтоож, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах, мөн бууруулах бусад арга хэмжээг авах ёстой гэж Японы эрх баригчид мэдэгджээ.
Эл хэлэлцээгээр мөн байгаль орчинд хуванцар хаягдахаас сэргийлэх арга хэмжээ авахыг улс орнуудаас шаардах шаардлагатай байгаа талаар хэлэлцэнэ.
Хуванцрын асуудлаарх НҮБ-ын гэрээг эцэслэн боловсруулах эцсийн шатны хэлэлцээ 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!