Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр (ЭЗТХ)”-ийн Хамтын ажиллагааны дэд хороо 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдлаа.
Тус дэд хорооны хурлаар Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, хоёр орны хоорондын гадаад худалдаа, Монгол Улсаас Япон Улс руу бараа бүтээгдэхүүн экспортолж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Цаашид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үр дүнтэй санал солилцлоо.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршино.
Хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн ба манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон Улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлсөн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!