Бахрейн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ий 5 дахь медалиа хүртлээ.
Тус тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг жинд БНХАУ, Монгол, БНАСАУ-ын тамирчид огцом өргөлтөөр мeдальт байранд орсон байна.
Баасан гарагт /2024.12.13/ эмэгтэйчүүдийн 81 кг жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртсэнээр ийнхүү насанд хүрэгчдийн ДАШТ-ий нэг алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн боллоо. Харин М.Анхцэцэг огцом болон түлхэлтээр өргөлтийн нийлбэр дүнгээр энэ удаа IV байр эзлэв.
Ийнхүү Монголын хүндийг өргөлтийн түүхэнд онцгой амжилтыг эхлүүлж байсан М.Анхцэцэг 27 насандаа дахин дэлхийн медальтан боллоо.
Ташрамд сонирхуулахад, М.Анхцэцэг 2014 онд 16 насандаа БНХАУ-ын Нанжин хотод болсон Залуучуудын зуны олимпын наадамд оролцон IV байр эзэлж байсан М.Анхцэцэг 2016 оны Риогийн олимпод өрсөлдөж байлаа. Түүний хувьд энэ олимпиос ирсэний дараа хэсэг завсарласан ч дахин бэлтгэлээ хийж ДАШТ-ээс алт, мөнгөн медаль авч байсан түүхтэй.
Тэрбээр өмнө нь 2017 оны ДАШТ - хүрэл (Огцом өргөлт), 2019 оны ДАШТ - хүрэл (Огцом өргөлт), 2021 оны ДАШТ - алт (Нийлбэр), 2022 оны ДАШТ - мөнгөн (Түлхэлттэй) медаль хүртээд байсан бол энэ удаа буюу 2024 оны ДАШТ-ээс мөнгөн медаль (Огцом өргөлт) авч Дэлхийн 5 медальтай эмэгтэй тамирчин болсноор хосгүй амжилтын эзэн боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!