МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /РИА Новости/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ бүсэд явагдах 2026 оны ДАШТ-ний урьдчилан шалгаруулах шатны тэмцээний сугалаагаар Серб, Английн шигшээ багууд нэг хэсэгт оноолт таарчээ.
Хэсгийн сугалааны ёслол Швейцарын Цюрих хотод өчигдөр болж, дээрх хоёр багтай хамт К хэсэгт Албани, Латви, Андорра улсын багууд тоглохоор болсон байна.
Сугалаагаар 4 баг бүхий сонгон шалгаруулалтын 6 хэсэг, 5 багаас бүрдэх 6 хэсэгт тоглох багуудыг тодруулжээ. Тухайлбал, Европын тивийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний ¼-ийн шатнаас шалгарсан багууд 4 баг бүхий хэсэг рүү шууд орсон байна.
Ингээд бүх хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:
A хэсэг: Герман/Итали (Үндэстнүүдийн лигийн ¼-ийн хасагдах шатанд хожсон), Словак, Умард Ирланд, Люксембург;
B хэсэг: Швейцар, Швед, Словен, Косово;
C хэсэг: Португал/Дани (хожигдсон), Грек, Шотланд, Беларусь;
D хэсэг: Франц/Хорват (хожсон), Украин, Исланд, Азербайжан;
E хэсэг: Испани/Нидерланд (хожсон), Турк, Гүрж, Болгар;
F хэсэг: Португал/Дани (хожсон), Унгар, Ирланд, Армени;
G хэсэг: Испани/Нидерланд (хожигдсон), Польш, Финланд, Литва, Мальта;
H хэсэг: Австри, Румын, Босни Херцеговин, Кипр, Сан-Марино;
I хэсэг: Герман/Итали (хожигдсон), Норвег, Израил, Эстони, Молдав;
J хэсэг: Бельги, Уэльс, Хойд Македон, Казахстан, Лихтенштейн;
K хэсэг: Англи, Серб, Албани, Латви, Андорра;
L хэсэг: Франц/Хорват (хожигдсон), Чех, Монтенегро, Фарерын арлууд, Гибралтар.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Мексик, Канад гэсэн гурван улсад 2026 онд болох бөгөөд Европ тивээс 16 улсын шигшээ багууд оролцоно. Дээрх хэсгүүдийн 12 ялагч тус тэмцээнд шууд оролцох бол үлдсэн 4 эрхийн төлөө хэсэгтээ хоёрдугаарт шалгарсан 12 баг болон Үндэстнүүдийн лигийн хэсгүүдийг тэргүүлсэн 4 баг плей-оффын шатанд өрсөлдөнө.
Хэдхэн хоногийн өмнө УЕФА-гийн бүсээс ДАШТ-2026-д оролцох багуудын сугалааны сагсыг ФИФА нийтэлсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!