Боловсролын сайд П.Наранбаяр Япон сан /Japan Foundation/-гийн ерөнхийлөгчийн зөвлөх Отани Кейсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санал солилцлоо.
Япон сан нь япон хэлний боловсрол болон багш, суралцагчдыг дэмжих, япон хэл, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Азийн орнуудад 2014 оноос “NIHONGO Partners” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд урт хугацааны, богино хугацааны, их сургуулиудын хамтын ажиллагаа гэсэн гурван дэд хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд 2014 оноос хойш Азийн 11 улсад 3035 багшийн туслахыг илгээн, япон хэлний багш, япон хэлний чиглэлээр суралцаж буй оюутнуудад туслах, зөвлөх, дэмжих чиглэлээр ажиллуулсан байна.
“NIHONGO Partners” хөтөлбөрийн хүрээг тэлж, ирэх онд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд түшиглэн богино хугацааны дэд хөтөлбөр хэрэгжүүлэх багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж буйгаа Япон сангийн ерөнхийлөгчийн зөвлөх Отани Кейсүкэ уламжилж, Монгол Улсын Боловсролын яамтай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах хүсэлтээ илэрхийллээ. “NIHONGO Partners” хөтөлбөр нь хоёр улсын боловсрол, гадаад харилцааны хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой тул дэмжин ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!