Зориулалтын мөсөн өргөө “Степпе арена” баригдсанаас хойш монголчууд хоккейн спортоор амьсгалж байна.
Хэд хоногийн өмнө 18 хүртэлх насны Азийн АШТ тус ордонд зохиогдож, манай залуучууд хүрэл медаль хүртсэн.
Тэгвэл өчигдөр ДАШТ-ий 4-р дивизионы тоглолтууд “Степпе арена”-д эхэлж, Монголын шигшээ эхний учраа Кувейтийг 8:0-ээр хожсон билээ.
Тус ордныг барьж байгуулахад Канадын архитектор Марк Хейнц, Кевин Клиппенштэйн нар үнэтэй зөвлөгөө өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан төдийгүй Монголын архитекторчдыг Ванкувер хотноо урьж, өөрсдийн бүтээн байгуулсан байгууламжуудтай танилцуулан туршлага судлуулсан юм.
Манай оронд спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхмүүдийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзан МҮОХ-ны Алтан медалиар шагналаа.
Монголд анх удаа ирээд буй тэд манай оронд хоккейн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Тухайлбал, гудамж талбай, заал гээд хаана ч тоглох боломжтой ball hockey буюу бөмбөгтэй хоккейг дэлгэрүүлбэл хоккейн үндсэн техникийг суралцахад дөхөм байдгийг тайлбарлав.
“Бөмбөгтэй хоккей Канадад мөсөн дээрх хоккейгоосоо өргөн дэлгэр тархсан. Бид хоккейгоор амжилт гаргадаг нь хүүхдүүд багаасаа бөмбөгтэй хоккей тоглон үндсэн техникээ сурсан байдагтай холбоотой” хэмээн ноён Марк Хейнц хэлсэн юм.
All reactions:
55