МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН
ТЭРБИШИЙН МАШБАТ
( 1949 – 2025 )
Халамжит хань, хайрт аав, өвөө Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, телевизийн ахмад зураглаач Тэрбишийн Машбат 2025 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, хань ижил, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Т.Машбат нь 1949 онд Улаанбаатар хотноо төрсөн. Ажил хөдөлмөрийн гараагаа 1967 оноос Монголын Зурагт Радио анх байгуулагдахад үндэсний телевизэд 44 жил ассистент найруулагч, телевизийн зураглаачаар тасралтгүй ажилласан ууган уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр Монголын Зурагт Радиогоос МҮОНТВ хүртэлх түүхэн он жилүүдэд нийгэм-улс төр, хүүхэд залуучууд, спорт соёл урлагийн - “Цаг үе, залуучууд”, “1:6”, “Дөрвөн бэрх”, “АСК”, “Бүсгүйчүүд”, ”Хөвгүүд”, “Адуучин”, “Мы поедем в Артек”, “Оноо, хурд, хором”, “Хөгжмийн шуудан” зэрэг олон арван нэвтрүүлгийн оператор, ерөнхий оператороор ажиллаж, уран бүтээлийн арвин сантай болжээ. Үүний зэрэгцээ телевизийн алтан фондод хадгалагдан үлдсэн драмын болон телевизийн 80 гаруй жүжиг, кино, баримтат киноны зураглаачаар ажиллаж байв.
Түүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлийг байгууллага болон төр засгаас өндрөөр үнэлж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шагнал, улс хувьсгалын ойн медалиуд, Радио Телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бөгөөд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.
Монгол эр хүний уужуу ухаан, хөдөлмөрч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, нийтэч зан чанар, оюуны өндөр мэдрэмж, мэдлэгийн өргөн цар хүрээ тань хань, үр хүүхэд биднийхээ амьдралын чигийг заагч “Алтан гадас”, ноён нуруу, өмөг түшиг болж байлаа.
Та минь орчлонд ганц биеэр ирсэн ч олон олон хүмүүний амь амьдралын эх булаг, үлгэр дууриалал болсон Ачтан билээ. Үргэлжлэл тань болсон үр хүүхэд бид Таныхаа алтан сургаалийг дээдлэн сахиж, ачийг тань ашид мөнхөд сэтгэл зүрхэндээ нандигнах болно.
Хайрт Та минь эх дэлхийнхээ хөрсөнд амгалан тайван нойрсдоо.
Хань, үр хүүхдүүд нь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!