Токио хотноо өнөөдөр болсон мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 10 дахь /01.21/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хацү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 7 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Токихаяата /М-17/-тэй хүчээ сорин барилдаж түүнд котэнаге мэхээр унаж 6 даваа, 4 унаатай болов.
Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ өдөр Мэйсэй /М-10/-тэй учраа таарч түүнд ошидаши мэхээр унаж 3 даваа, 7 унаатай боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Хакүохо /М-15/-той таарч түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа 5 унаатай болоод байна.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Охо/М-3/-той учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар энэ башёг 6 даваа, 4 унаатай үргэлжлүүлж байна. Харин Охо 8 даваа, 2 унаатай болоод байгаа юм.
Харин Киришима Б.Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Г.Мөнхсайхан Чиёошома /М-5/-тай учраа таарч барилдан түүнийг хикитоши мэхээр хаяж 7 даваа, 3 унаатай болж башёг амжилттай үргэлжлүүлж байна. Мөн Чиёошома 8 даваа, 2 унаатай болоод байна.
Энэ өдөр Озэки Оносато, Гонояама /М-3/-тай учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болов.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Дайэйшёо-той хүчээ сорин түүнийг уватэдашинаге мэхээр давснаар 7 даваа 3 унаатай боллоо.
Озэки Котозакура, Хирадоүми /М-5/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хацү башёг 9 даваатай ганцаараа тэргүүлж байсан Казахстаны /1997 онд төрсөн, өндөр 195 см, жин 180 кг/ сумоч Кинбозан/М-16/ өнөөдөр Комүсүби Аби-тэй учраа таарч хүчээ сорин барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 9 даваа, 1 унаатай болж башёг тэргүүлсэн хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!