Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 07-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт “Блью скай” зочид буудалд: БОУАӨЯ-ны дэмжлэгээр АНУ-д төвтэй Зэрлэг хулд загасны төв, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэнтэй хамтран “Монгол орны загас, загас агнуурын тогтвортой байдлыг хангах нь” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
10:30 цагт “Чингис хаан” Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Шастирт дүрслэгдсэн Монголчууд” могол зургийн тусгай үзэсгэлэнг нээнэ. Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд, хаад, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг тусгасан 44 могол зургийг сонгон, анх удаа олон нийтэд дэлгэх юм. Утас:99051914
11:00 цагт ЦУОШГ-ын хурлын танхимд: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос түүхий нүүрс түлдэг уурын зуухуудад хийсэн шалгалт болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 80100930
11:40 цагт Монгол арт галерейд: Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” тусгай үзэсгэлэнг нээнэ.
18:00 цагт "UG Arena" спорт цогцолборт: Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн Бүх оддын тоглолт эхэлнэ. Өнөөдөр "Холимог оддын тоглолт", ур чадвар, гурван онооны шидэлт, хүүхдийн уралдаан, шилдэг залуу тоглогчдын тэмцээн болно.
УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээнийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Дорноговь аймгийн Сайншанд суманд: “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баярыг Хамарын хийдийн гурван замын уулзварт өнөөдөр, маргааш зохион байгуулна.
Завхан аймгийн Баянтэс суманд: Өсвөрийн цаначдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш болно.
БНХАУ-ын Харбин хотод: Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслол болно. Тус наадамд Монгол Улсын 35 тамирчин спортын 7 төрөлд оролцоно.
Ташкент хотноо: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев нар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссыг даргалдаг бөгөөд тус комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулж байна.
Бусан хотноо: Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, "Ханнарэ Соёлын сан", "Пусаны Кино ордон", Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл хамтран “Монгол кино өдрүүд” фестивалийг энэ сарын 5-7-ны өдрүүүдэд 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!