Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр Их Британийн “Skyral” программ хангамжийн компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Зам, тээврийн яаманд хүрэлцэн ирж, ажил хэрэгч санал солилцож байгаад талархал илэрхийлээд, 2024 оны 12 дугаар сард Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөгчдийн хамт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан айлчлал хийгээд ирсэн тухайгаа дуулгалаа.
Энэхүү айлчлал нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бодлого үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх, түүний дотор их багтаамжийн зорчигчийн төмөр зам, метро, хөнгөн галт тэрэг байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхэд Их Британийн чадварлаг компаниудтай хамтран ажиллах, туршлага судлах зорилготой байсныг онцлон дурдлаа.
“Skyral” компани нь Их Британийн Лондон хотод төвтэй бөгөөд орчин үеийн програм хангамж, технологийн шийдлийг ашиглаж, эх орондоо болон олон улсад үндэсний аюулгүй байдлын салбар, эрчим хүч, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээний томоохон байгууллагуудад тодорхой чиглэлээр симуляци буюу компьютрийн загварчлалыг боловсруулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар стратегийг оновчтой болгох, үр ашгийг олох, эрсдлийг тодорхойлох, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх олон талын үйлчилгээг боловсруулдаг, санал болгодог компани юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус компанийн төлөөлөгчдөд 2025 онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг танилцуулаад, энхүү бүтээн байгуулалтын ажил нь Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг амжилттай даван туулахад хэр оновчтой шийдэл болох, түгжрэл хэдэн хувиар буурч, замын хөдөлгөөний зорчилтын хурд яаж нэмэгдэх, иргэдийн сэтгэл ханамжийн байдал хэрхэн дээшлэх талаар олон талын судалгаатай, үр дүнтэй загварчлалыг хамтран хийж гүйцэтгэхээр санал солилцов.
Эх сурвалж: ЗТЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!