ЭР-РИЯД, 2025 оны хоёрдугаар сарын 11 /AFP/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду “Аль-Наср” клубтэй байгуулсан гэрээгээ дахин нэг жилээр буюу 2026 оны зургаадугаар сар хүртэл сунгах тохиролцоонд хүрсэн талаар Саудын Арабын клубийн төлөөлөгч даваа гарагт Франс-Пресс агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн хэлснээр, талууд Роналдугийн гэрээг сунгах боломжтой хэмээн тохиролцсон боловч одоохондоо гарын үсэг зураагүй байгаа бөгөөд шийдвэрийн талаар ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт 40 нас хүрсэн Роналдугийн одоогийн гэрээ 2025 оны зургаадугаар сард дуусах юм. “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Ювентус” багт хүчин зүтгэж байсан тэрбээр 2023 оны нэгдүгээр сард “Аль-Наср” багт ирсэн бөгөөд түүнээс хойш 90 тоглолтонд оролцож 82 гоол оруулаад байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Роналду хэлэхдээ, мэргэжлийн замналаа дуусгах хүртлээ “Аль-Наср”-т тоглоно гэж хэлсэн бөгөөд энэ цаг мөч удалгүй эсвэл хоёр, гурван жилийн дараа ирж магадгүй хэмээн ярьж байв. Португалын алдарт хөлбөмбөгчин хоёр жилийн өмнө 250 сая ам.долларын гэрээ байгуулж “Аль-Наср” клубт шилжин ирсэн юм.
Роналду мөн өнгөрсөн наймдугаар сард YouTube сувгаа нээж, ердөө 90 минутын дотор нэг сая, 24 цагийн дотор 20 сая дагагчтай болсон билээ. Одоо дагагчдынх нь тоо 73.5 саяд хүрчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!