"Ая эгшгийн зургаан жигүүр-2025" өсвөрийн ардын хөгжимчдийн улсын XIII уралдаан Монголын хүүхдийн ордонд энэ сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
Энэ өдрүүдэд Монгол хүүхдийн ордонд нийслэл болон орон нутгаас ирсэн үндэсний хөгжмөөр хичээллэгч хүүхэд багачууд хуран цугларч морин хуур, лимбэ, ятга, шанз, хуучир, ёочин зэрэг үндэсний хөгжмийн хөг аялгуу эгшиглэн хөл хөдөлгөөн ихтэй байна.
"Ая эгшгийн зургаан жигүүр" уралдаан нь хүүхэд багачуудад Монгол үндэсний хөгжмөө таниулан сурталчлах, тэдний ур чадварыг сайжруулах, хөгжимд суралцах хүсэл эрмэлзлэл, идэвхийг өрнүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага хуримтлуулах зорилгоор 1998 оноос 2 тутамд уламжлал болгон зохион байгуулдаг улсын уралдаан билээ.
Энэ удаагийн "Ая эгшгийн зургаан жигүүр-2025" өсвөрийн ардын хөгжимчдийн улсын XIII уралдаанд нийслэлийн болон 17 аймгийн 320 шахам хүүхэд багачууд морин хуур, ятга, хуучир, лимбэ, ёочин, шанз хөгжмөөр бага, дунд, ахлах нас болон хамтлаг гэсэн ангилалд ур чадвараа сорин оролцохоор Монголын хүүхдийн ордонд хүрэлцэн ирсэн юм.
Тус уралдаанд амжилттай оролцож ардын хөгжимчний гараагаа эхлүүлсэн үе үеийн хүүхэд багачууд өнөөдөр шилдэг хөгжимчин болон мэргэжлийн багш болж эх орныхоо соёл урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Тэд монголдоо төдийгүй хилийн чанадад үндэсний хөгжим, соёл урлагаа таниулан сурталчилж байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!