Соёлын сайд Ч.Номин өчигдөр /2023.03.28/ Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеландийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин хатагтай Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Тухайлбал, Монгол, Швед Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд тэмдэглэх хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг хэлэлцэв. Хоёр орны музейд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа Швед Улсад хадгалагдаж буй Монголын соёлын өвийг сурвалжлах, мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа.
Уулзалтаар талууд соёлын солилцооны хөтөлбөр, Кино урлагийн дэмжих тухай хуулийн хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.