НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /FT/. Нью-Йоркийн COMEX биржийн мягмар гаргийн арилжааны явцад алтны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 4.2 хувиар буурч, нэг унц нь 4176.4 ам.доллар болжээ.
Улмаар уналт үргэлжилж, 6.12 хувиар буурч, нэг унц алтны үнэ 4093 ам.доллар болсон нь сүүлийн 12 жилийн хугацаанд алтны үнэ нэг өдөрт хамгийн ихээр унасан үзүүлэлт боллоо гэж “Financial Times” сонинд мэдээлсэн байна.
Бусад үнэт металлын үнэ мөн буурч, мөнгө, цагаан алт, палладийн үнэ 6-8 хувиар хямдарчээ.
Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзана гэсэн хүлээлтээс үүдэн үнэт металлуудын эрэлт бага зэрэг буурсан гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. Уг уулзалтаар худалдааны маргааныг зохицуулах асуудлыг голчлон хэлэлцэх юм. Мөн Энэтхэгт улирлын идэвхтэй худалдан авалтын оргил үе дууссан нь үнэ буурахад нөлөөлжээ.
Энэ сарын 16-нд алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 4300 ам.доллароос давсан бол мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Алтны үнэ энэ сарын 20-нд нэг унц нь 4398 ам.долларт хүрч өсжээ.
АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадсан, мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан он дуусахаас өмнө мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаагаас үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрч өсжээ. Үнэ наймдугаар сарын дунд үеэс хойш үргэлжлэн өссөөр байсан билээ.
Сүүлийн хэдэн сард алтаар баталгаажсан биржийн хөрөнгө оруулалтын сангуудад (ETF) хөрөнгө оруулж буй институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн гэж "Financial Times" онцолжээ. Жишээ нь, есдүгээр сард ETF сангуудад 26 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт төвлөрсөн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!