ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевтэй хийсэн хэлэлцээгээ “бүтээлч, үр дүнтэй” болсон гэж дүгнэжээ.
“Сүүлийн хоёр өдөр Флоридад Оросын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев Украинд энх тайван тогтооход чиглэсэн Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг урагшлуулах хүрээнд АНУ-ын төлөөлөгчидтэй үр өгөөжтэй, бүтээлч уулзалтуудыг хийлээ” гэж Уиткофф X нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Америкийн талаас уулзалтад Цагаан ордны ажилтан Жош Грюнберг мөн оролцсон гэдгийг тэрбээр тодруулжээ. Оросын тал мөргөлдөөнийг зохицуулах, дэлхий дахины аюулгүй байдлыг сэргээхэд чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгааг, мөн Украинд энх тайван тогтоохын төлөө байгааг С.Уиткофф онцолсон байна.
Ням гарагт К.Дмитриев Майамид С.Уиткофф, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнертэй хоёр үе шаттай хэлэлцээ хийжээ.
Оросын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, К.Дмитриев Украин, Европын удирдагчидтай хийсэн хэлэлцээнийх нь үр дүнгийн талаарх мэдээллийг АНУ-ын талаас авах бөгөөд дараа нь Владимир Путинд тайлагнах ажээ. Оросын төрийн тэргүүнийн хувьд, Дмитриевээр дамжуулан Америкийн талд ямар нэгэн мэдээлэл дамжуулаагүй гэдгийг Кремлийн төлөөлөгч дурдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!