Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх болох “Zagreb Open” 2 дугаар сарын 2-5-нд Хорватын нийслэл Загребийн “Dom Sportova Sport Hall”-д үргэлжилж байна.
Хорватын нийслэл Загребт болж буй бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг жингийн барилдаанууд боллоо.
Эрэгтэйчүүдийн 65 кг жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 61 кг-д “U23” нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү мөнгөн медаль хүртэв.
Н.Наранхүүгийн хувьд шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0-ээр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр ялж, шигшээд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атритай учраа таарсан.
Н.Наранхүү өнгөрсөн жилийн Белградын дэлхийн аваргад энэ даваанд түүнд ялагдсан бөгөөд энэ удаа ч мэхээ дутуу хийж, туршлагатай өрсөлдөгчдөө даралтаар цэвэр ялагдаж ийнхүү үзүүрлэсэн байна.
Тус тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай. Чансааны 4 тэмцээн болгонд 30 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 390 мянган швейцар франкын шагналын сантай. Энэ улиралд чансааны тэмцээн Хорватын Загреб (2-р сарын 1-5), Египетийн Александр (2-р сарын 23-26), Киргизийн Бишкек (6-р сарын 1-4), Унгарын Будапешт (7-р сарын 13-16) хотуудад болно.