Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.02.24/ Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли болон IFC суурин төлөөлөгч Матьё Давид Лё Блан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд энэхүү уулзалтаар Багахангай – Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг байгуулахад Дэлхийн банкнаас гаргах хөрөнгө оруулалт, санхүүжилт, үүнтэй холбоотой Дэлхийн банкны дүрэм журамд оруулах өөрчлөлт, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлын талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан хоёр төлөөлөгчийг Монголд ажиллаж байгаад талархал илэрхийлээд, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” амжилттай хэрэгжиж байгааг дуулгасан юм.
Энэ үеэрээ тус төслийн хүрээнд Багахангай – Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг байгуулж, хөрөнгө оруулах саналыг тавилаа.
Суурин төлөөлөгч Таехюн Лиг дээрх асуудлыг Дэлхийн банкны удирдлагын түвшинд яаралтай танилцуулж, олгох санхүүжилтээс байж болох хэмжээнд нь төмөр замын терминалд зарцуулахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид зам тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Эх сурвалж: ЗТЯ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!