ИСЛАМАБАД, 2026 оны хоёрдугаар сарын 27 /Kazinform/. Пакистаны цэргүүд баасан гарагт шилжих шөнө Афганистаны нийслэл Кабул болон хэд хэдэн хотод агаарын цохилт өгчээ.
Хилийн дагуух хэд хэдэн хэсэгт байрлах Талибаны харуулын цэгүүд, штабууд, зэвсгийн агуулахуудад агаараас болон газраас цохилт өгсөн байна. "Al Jazeera" телевизээр мэдээлснээр, Пакистаны цэргийн нисэх онгоцууд Афганистаны өмнөд нутгийн Кандагар муж дахь цэргийн баазад мөн цохилт өгчээ.
Пакистаны Батлан хамгаалахын сайд Хожа Асиф мэдэгдэхдээ, энэхүү довтолгоог хилийн бүсэд үйлдсэн Афганистаны талын халдлагын хариуд авсан зайлшгүй арга хэмжээ гэж тодорхойлсон байна. "50 жилийн туршид бид таван сая афган хүнийг хүлээн авсан. Өнөөдөр ч сая сая афганчууд манай нутагт амьжиргаагаа залгуулж байна. Бидний тэвчээр барагдлаа. Одоо бидний хооронд нээлттэй дайн эхэллээ" гэж тэрбээр мэдэгджээ.
Афганистаны 133 цэрэг алагдсан ба талибуудын 9 байрлалыг эзлэн авч, 27 байрлалыг устгасан гэж Пакистаны тал мэдээлсэн байна.
Афганистаны засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Забихулла Мужахидын мэдэгдсэнээр, Пакистаны цэргүүдийн довтолгооны дараа Афганистаны тал Кандагар болон Гильменд муж дахь Пакистаны цэргийн баазуудад хариу цохилт өгч эхэлсэн байна. Афганистаны цохилтод өртөн Пакистаны 10 цэрэг амиа алдаж, 13 түшиц газар эзлэгджээ.
Афганистаны эрх баригчдын мэдэгдсэнээр, ням гарагт хил орчмын бүс дэх Афганистаны байрлалуудад Пакистаны цэргүүд довтолсны хариуд цохилт өгчээ. 2611 км урт хилээр хиллэдэг Пакистан, Афганистаны харилцаа 10 дугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөний дараа эрс муудсан бөгөөд уг мөргөлдөөний улмаас хоёр талаас 70 гаруй хүн амиа алдсан байна.
Пакистаны тал Афганистаны эрх баригчдыг "Пакистан руу халдлага үйлдэхэд бэлтгэхэд өөрийн нутаг дэвсгэрийг зэвсэгт бүлэглэлүүдэд ашиглуулж байна" гэж буруутгаж байгаа юм. Харин талибууд үүнийг няцааж, Пакистаны аюулгүй байдал бол тус улсын дотоодын асуудал гэж мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!