САНКТ-ПЕТЕРБУРГ, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /TASS/. Төв-Евразийн тээврийн зурвасыг байгуулах нь Хятад, Монгол Улстай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Алексей Садиков мэдэгджээ.
Тэрбээр Олон улсын тээвэр, ложистикийн анхдугаар чуулга уулзалтад үг хэлэхдээ, уг төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт боловсруулж байгааг дуулгалаа. Ингэхдээ Сибирийн эрдэс-түүхий эдийн баазыг ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа ховор болон газрын ховор металл боловсруулах кластер байгуулах төлөвлөгөөтэй уялдуулан уг төслийг нарийвчлан судалж байна гэж тэрбээр дурдсан байна.
“Төслийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл төмөр зам тавих нь Ангар-Енисейн макро бүс нутгийг аж үйлдвэржүүлэх, хөгжүүлэх хөдөлгөгч хүчин болж чадна. Мөн зүүн чиглэлийн тээврийн ачааллыг бууруулж, цаашдаа Монгол, Хятадтай эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж А.Садиков онцолжээ.
Олон улсын тээвэр, ложистикийн анхдугаар чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болжээ. Энэхүү чуулга уулзалтыг олон улсын тээвэр, ложистикийн коридоруудыг хөгжүүлэх, интеграцийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд оролцогчид салбарын цахим шилжилт, жолоочгүй технологийн хэрэглээ зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!