ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 10 /DW/. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн наймын эхний тоглолт АНУ-ын Массачусетс муж улсын Бостон хотын ойролцоох Фоксборо хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг тоглолтод Францын шигшээ баг Мароккогийн багийг 2:0-ийн харьцаагаар хожжээ.
Францын баг тоглолтын эхнээс л илүүрхэн тоглосоор 60 дахь минутад багийн ахлагч бөгөөд гол довтлогч Килиан Мбаппегийн гоолоор тооны харьцааг нээсэн байна. Үүнээс ердөө зургаан минутын дараа Усман Дембеле дахин нэг гоол оруулжээ.
Тоглолтын эхний үеийн дундуур Мбаппе торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Мароккогийн хаалгач Яссин Буну хааж чаджээ. Ингэснээр энэ удаагийн тэмцээний мэргэн буучдын өрсөлдөөнд Мбаппе найман гоолтойгоор Аргентины довтлогч Лионель Месситэй дахин эн зэрэгцэж ирлээ. Мессигийн хувьд энэ тэмцээнд торгуулийн цохилтоо хоёр ч удаа алдаад байгаа юм. Харин Дембеле энэ ДАШТ-д тав дахь гоолоо орууллаа.
Катарт болсон ДАШТ-ий хагас шигшээд мөн Франц, Мароккогийн багууд таарч байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 14-нд болсон уг тоглолтод францчууд мөн л 2:0-ээр хожиж байв. Тухайн үед Мароккогийн шигшээ баг ДАШТ-ий түүхэнд хагас шигшээд шалгарсан Африкийн анхны баг болсон юм. Францын шигшээ баг Мароккогийн багт нэг ч удаа хожигдож байгаагүй бөгөөд албан ёсны статистикаар таван хожил, гурван тэнцээтэй байна.
Бостон хот Мароккогийн багийн улаан өнгөөр "будагдав"
Францын шигшээ баг (Les Bleus) тоглолтын эхний минутаас л Мароккогийн багийн асар олон хөгжөөн дэмжигчийн исгэрээн дунд тоглолоо. Тоглолтын өмнөх өдөр сэтгүүлчид Бостон хотын төвийг Хойд Америкийн өнцөг булан бүрээс ирсэн Мароккогийн багийн хөгжөөн дэмжигчдийн ачаар "улаан өнгөөр будагдсан мэт" байв хэмээн дүрслэн бичжээ.
Мароккогийн шигшээ 2022 оны ДАШТ-ээс хойш Арабын ертөнцийн "ард түмний баг" хэмээн нэрлэгдэх болсон юм. Тухайн үед тус улсын шигшээ багийг улс орных нь хил хязгаараас хол давж дэмжиж байсан бөгөөд тэдний амжилтыг Араб, Африкийн хөл бөмбөгийн хамтын ялалт гэж хүлээн авч байв.
Франц, Марокко хоёр улс нь түүх, соёлын онцгой харилцаатай. Өнөөдрийн байдлаар Франц улсад марокко гаралтай 1.7 сая орчим хүн оршин суудаг бөгөөд Мароккогийн шигшээ багийн хэд хэдэн тоглогч Франц улсад төрж өсжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!