Даланзадгад. 2026 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 49.27 хувьд хүрч, гүүрэн байгууламжийн 291 тулгуурын барилгын ажлыг бүрэн дуусгажээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Төмөр замын газрын дарга Б.Артур, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох албаныхан энэ сарын 27-нд төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Төслийн хүрээнд нийт 2382 шон суурь, 291 доод хөндлөн нуруу, 594 дам нуруу үйлдвэрлэснээс 296 дам нурууг угсраад байна.
Бүтээн байгуулалтын ажилд одоогоор 889 инженер, техникийн ажилтан, 327 машин, механизмтай оролцож байна.
Төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулж, туршилтын тээвэр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэнэ. Ингэснээр экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллароор өсгөхөөс гадна байнгын 200, түр 800 ажлын байр шинээр бий болгох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг С.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!