Монголын хүүхдийн ордны дугуйлангийн сурагч Энхчулууны Буянцэцэг “Миний мөрөөдөл” тайлан тоглолтоо багш, эцэг, эх, ах, эгч болон анд найз нартаа толилуулаа.
Э.Буянцэцэг нь анх 2011 онд 6 настайдаа Монголын хүүхдийн ордны босгоор алхан Монгол Улсын гавьяат багш С. Ганчимэг багштай дуулаачийн дугуйланд элсэн 7 жил суралцаж, улмаар 2018 оноос Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ж. Сайнбилэг багштай ятга, төгөлдөр хуурын дугуйланд үргэлжлүүлэн суралцсан байна. Ийнхүү дуулж, хөгжим тоглох авьяасаа чадварлаг багш нарын удирдлага дор улам хөгжүүлсээр олон уралдаан тэмцээнд амжилт гаргасаар байгаа аж.
Тэрбээр, өнгөрсөн 4 дүгээр сарын 15-ны өдөр “Миний мөрөөдөл” тайлан тоглолтоо зохион байгуулж хамтдаа сурдаг авьяаслаг найз нөхдийн хамт дуулж, хөгжимдөн 12 жилийн турш сурч мэдсэн бүхнээ үзэгч олон түмэндээ толилуулав.
Ташрамд дуулгахад, Э.Буянцэцэг энэ сард болсон “Ая эгшгийн зургаан жигүүр - 2023” гоцлол хөгжимчдийн улсын XII уралдаанд тэргүүн байр эзэлж СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуульд ур чадварын шалгалтгүйгээр элсэн "Суралцах эрх"-ээр шагнуулсан билээ.