АНУ-ын Индиана мужийн төв Индианаполис хотод 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон “Азийн соёлын баяр” (Asian Fest)-т Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар Иллинойс, Индиана мужид аж төрж буй монгол иргэд, уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдтэй хамтран оролцлоо.
“Азийн соёлын баяр”-ын хүрээнд болсон Азийн орнуудын урлагийн тоглолтод монгол уран бүтээлчид оролцож, монгол хөгжим, бүжиг, хөөмийн үзүүлбэр толилуулахаас гадна арга хэмжээний гол танхимд зассан монгол гэрт тоглолт хийв.
Арга хэмжээний үеэр Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний дээжээс дэлгэн үзүүлж, тэдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой дэлгүүр, веб сайтуудын тухай мэдээллийг түгээж, “Монголд зочлох жил”-ийн сурталчилгааны материалыг тараахын зэрэгцээ Индиана мужийн CBS телевизэд ярилцлага өгөв.
Индиана мужид болдог энэхүү олон улсын соёлын томоохон арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөл анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсонд Индианаполис хотын дарга Жо Хогсетт талархал илэрхийлж, энэ нь цаашид хоёр талын харилцааг илүү гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно хэмээн үзэж буйгаа тэмдэглэв.