Монгол Улсын Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон билээ.
Дээрх үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, стандартын хэрэгжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний байгууллагуудыг шинээр бий болгох, бусад баталгаажуулалтын байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/104 тоот тушаал батлагдан гарлаа.
Энэхүү шийдвэрийн дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь чанарын менежментийн тогтолцоо(ISO9001)-ны баталгаажуулалтад шинээр хамрагдах, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүлээн авахгүй болж байна.
Тус газраас хэрэгжүүлж буй баталгаажуулалтын хөтөлбөрийн хүрээг хумих, өргөтгөх хэрэгцээ шаардлага буй эсэх талаар судалж зохих арга хэмжээг авч ажиллах юм байна.
Мөн тохирлын үнэлгээний байгууллагыг хөгжүүлэх, нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвх, санаачилгыг дэмжих, хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалт зохион байгуулж ажиллана гэдгийг онцоллоо.
Ийнхүү стандартын хэрэгжилтийг бүх салбарт хангуулах чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Д.Даваасүрэн, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном нарт тус тус үүрэг болголоо.