НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО), Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй "Экспортыг дэмжих төсөл /ЭДТ/” гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа юм.
Тус төслийн энэ удаагийн гурав дахь бүрэлдэхүүн хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг сайжруулах, техникийн туслалцааны дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байна.
Монол Улсын Засгийн Газраас махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч тэр дундаа Исламын шашинтай улс орнуудад ХАЛАЛ аргаар бэлтгэсэн махыг экспортлох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Мөн Булангийн орнууд ХАЛАЛ аргаар бэлтгэсэн мах авах сонирхолоо илэрхийлсээр байна. Булангийн орнуудад махыг бэлтгэж экспорлох гол шаардлага нь ХАЛАЛ аргаар бэлтгэсэн, ХАЛАЛ ГЭРЧИЛГЭЭТЭЙ байх юм.
Экспортыг дэмжих төсөл /ЭДТ/ нь Исламын шашинтай орнуудын шаардлагад нийцсэн “ХАЛАЛ ГЭРЧИЛГЭЭ”-г олгох Баталгаажуулалтын байгууллагуудад техникийн тусалцаа үзүүлэн, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж байна. Мөн Баталгаажуулалтын байгууллагуудыг Исламын орнуудын стандартын шаардлагыг хангахад нь зөвлөн туслах зорилготой дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэдгийг СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг хэллээ.