Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.05.19) хуралдаж, "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийсэн юм.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16 санал дээр гишүүд 12 санал нэмж гаргасан тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр мэдээлж, нийт 28 зарчмын зөрүүтэй санал, мөн дэмжигдээгүй болон найруулгын шинжтэй тус бүр нэг санал гарсныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн талаар танилцуулав.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 30 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, 26 саналаар санал хураан, дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна.
Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Батлут, Б.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүдийн Ховд, Орхон, Завхан болон Сэлэнгэ, Булган аймгийн зарим сум, автозамыг хилийн боомтуудтай холбох хөрөнгө оруулалтын талаарх асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд С.Баямбацогт хариуллаа.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гүйцээн боловсруулахаар буцаагдсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэдгээр саналыг дэмжсэн тул "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.