Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Гадаадын их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын нэгдсэн уулзалт”-ыг зохион байгууллаа.
Уулзалт өнөөдөр /2023.05.31/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдаж, уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр болон гадаадын их, дээд сургууль төгссөн 98 алба хаагч танхимаар болон цахимаар хамрагдав.
Энэхүү уулзалтаар алба хаагчдаас гаргасан шинэлэг санал, санаачилгыг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор зорьж байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас цаашид залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.