Өнөөдрийн /2023.02.08/ Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа.
Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
Мөн тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.
Түүнчлэн боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусах хүртэл хугацаанд экспортод гаргана.