Европын холбоо /ЕХ/-ноос Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ: “Хөгжиж буй улс орнуудын нэгэн адилаар Монгол Улс тогтвортой, ногоон хөгжлийг улам бэхжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч хөгжлийн бодлогын баримт бичигтээ байгаль орчны асуудлыг цогц байдлаар авч үзэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, бүхий л төрлийн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглалтыг дэмжих зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлж байна.Бидний зорилт, үйл ажиллагаа Европын Холбооноос 2050 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон гэрээ/ Green Deal”-д тодорхойлогдсон арга хэмжээтэй олон салбар, чиглэлээр нийцэж байгаа бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд томоохон түлхэц боломж гэж харж байна.
Жишээлбэл, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ буюу тойргийн эдийн засгийг хөгжүүлэх, ногоон барилгын стандартыг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, нийтийн тээвэр, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, Европын Холбооны сайн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас Европын Холбоотой "Ойн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг 2022 оны 11 дүгээр сард Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр байгуулсан нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны олон хямралуудыг шийдвэрлэхэд чухал тулгуур болсон ойн салбарт хамтран ажиллах маш том боломж бүрдсэн” гэдгийг онцлон хэллээ.
ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Аксел Никэйз энэхүү зөвлөгөөнөөс гарах үйл ажиллагааны цар хүрээ түүний үр дүнд “түншлэл - хариуцлагатай хэрэгжүүлэлт - үр нөлөө” нь чухал тухай онцолж байлаа.
Мөн тэрээр “Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагааг бий болгохыг хүсэж байна. Бид хойч үедээ шинэ, илүү тогтвортой ногоон ирээдүйг үлдээх учиртай” гэж хэллээ.
Дээд түвшний зөвлөгөөний үеэр “Тэрбум мод”, Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, хамаарал бүхий яамдын Сайд, Дэд сайд нар салбарын болон салбар дамнасан алсын хараа, стратегийн зорилтын талаар илтгэл танилцуулж, санал солилцов.