“Өвлийн Алтаргана-2023” наадам 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд анх удаа зохион байгууллаа.
Энэхүү наадам нь буриад түмний үндэсний өвлийн хувцасны уламжлалт соёлын өв, тоглоом наадгай, зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ таниулж, өвлүүлэн үлдээх, өвлөн уламжлагчдаа дэмжих, иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой юм.
Дорнод аймгийн Соёл, урлагийн газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд соёлын брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ наадмыг цаашид үргэлжлүүлж, аймгийн хэмжээнд угсаатны соёлын өвийг олон нийтэд таниулж сурталчилах, аялал жуулчлалын эвент бий болгох, хамрах хүрээг өргөжүүлэхэд оршиж байна.
“Өвлийн Алтаргана-2023” наадмыг Цагаан-Овоо сумын Соёлын төв, тус сумын 4 дүгээр багийн иргэн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Л.Мөнхсайханы санаачилгаар, “Степ голд” ХХК-ийн ерөнхий ивээн тэтгэлгээр, Соёл, урлагийн газар, Цагаан-Овоо сумын ЗДТГ, аймгийн Хөгжимт драмын театр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Агар студи хамтран зохион байгуулж, тус наадамд 1000 гаруй иргэд оролцлоо.
Эх сурвалж: Соёл Урлагийн Газар