ЦХХХ-ны сайд Н.Учрал Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кондо Масанориг даваа гарагт /2023.07.03/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа танилцууллаа.
Мөн төрийн 1000 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлж, “Цахим аймаг” бодлогын баримтлах чиглэлийг тодорхойлж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байгааг онцоллоо. Энэ хүрээнд бусад гишүүн орнуудаас сайн туршлагыг хуваалцаж, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.
Кондо Масанори: "АНДЦХБ энэ жилээс эхлэн APT Web Dialogue платформоор дамжуулан шинээр хөгжиж буй технологиуд сэдвүүдийн хүрээнд гишүүн орнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Монгол Улс энэ хэлэлцүүлэгт цахим шилжилтийн сайн туршлагаа хуваалцах боломжтой. Мөн АНДЦХБ-ын 2024-2026 оны Стратегийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Үүнд санал, санаачилгаа ажлын хэсгээр дамжуулан төлөвлөгөөнд тусгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой" гэдгийг онцоллоо.
АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү ажлын айлчлал нь Монгол улс болон Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагын хоорондын харилцаа холбоо, гишүүн улс орнуудын бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.