Конкакаф буюу Хойд болон Төв Америк , Карибын тэнгисийн орнуудын аварга шалгаруулах "Алтан цом -2023" ( англиар GOLD CUP, испаниар COPA ORA) тэмцээний финалын тоглолт Калифорниа мужийн Инглвүүд ( Лос Анжелесийн дагуул хот) хотын SoFi цэнгэлдэхэд болсон юм.
Энэ удаа аваргын цом, алтан медалийн төлөө Мексик-Панама улсын багууд өрсөлдсөн юм. Мексикийн хөлбөмбөгчид энэ тэмцээнд 8 удаа түрүүлж байсан бол Панама анх удаа аварга ( өмнө нь хоёр удаа финалд үлдсэн ч хоёуланд нь ялагдаж байв) болохоор ихэд хичээн зүтгэж тоглосон. Харин эцсийн мөчид Мексикийн баг 1-0-ээр Панамын шигшээг хожиж Алтан цомын эзэд болсон билээ.
6 тэрбум ам. долларын өртөгөөр 2020 онд үүд, хаалгаа нээсэн шинэхэн "Соу Фай стэдиум" бол 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2028 оны Зуны олимпийн наадмын цэнгэлдэхээр аль хэдийн сонгогдоод байгаа юм. 70,240 хүний суудалтай, мөн шаардлагатай тохиолдолд 100,240 хүний суудалтай болгож болдог, дээвэртэй , хамгийн сүүлийн үеийн гайхамшигтай техник, технологийн шийдэл ашигласан үнэхээрийн супер байгууламж юм байна.
Энэ өдрийн тоглолтын бүх тасалбар зарагдаад дууссан бөгөөд 141 орны ТВ шууд дамжуулалтыг хийсэн юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин