Гэмтэл согог судлалын үндэсний төв болон "Eejii.org" сангийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 3-наас энэ сарын 24-нийг хүртэл сайн дурын 63 ажилтан тус төвийн Хүлээн авах яаралтай тусламж, Амбулаторийн тасагт ажилласан сайн дурын ажилтнуудыг тус төвийн ерөнхий захирал Э.Галбадрах хүлээн авч талархал илэрхийллээ.
Зуны улирал, тэр дундаа үндэсний их баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд туслах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор сайн дурын 63 ажилтан 52 өдрийн турш ГССҮТ-д хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэсэн юм.
Сайн дурын ажилтнууд иргэдэд үйлчлэх хөтөч, зөвлөн туслагчаас гадна эмнэлгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлын талаарх санал, зөвлөмжийг холбогдох албаныханд хүргэж ажилласанд Э.Галбадрах захирал ГССҮТ-ийн нийт ажиллагсдын өмнөөс талархал илэрхийлж тэдэнд хүмүүнлэгийн үйл ажиллагааны сертификат гардуулж идэвх санаачлага, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг таван ажилтанд тусгайлан онцгойлон баяр хүргэв.
Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сайн дурынхныг дэмжих “Eejii.org” сангаас ГССҮТ-тэй хамтран нийгэмд чиглэсэн сайн дурын ажлуудыг зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвтрийн асаргаанд зориулсан “Хайр дүүрэн цүнх”-ийг зорилтот бүлгийн болон нэн хэрэгцээ шаардлагатай эмчлүүлэгч хүүхдүүдэд өгсөн билээ.
ГССҮТ: Хөтөч, зөвлөн туслагчаар хамтарч ажилласан сайн дурын ажилтнуудад талархал илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.