Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд байгуулагдсан Ерөнхий хэлэлцээрийн үр дүнд хэрэгжиж байгаа “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн Үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад БНСУ-ын “Эл Жи Си Эн Эс” Консорциум (LG CNS Consortium) шалгарч, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.
Тус төслийн үндсэн гүйцэтгэгчийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, “Эл Жи Си Эн Эс” Консорциум (LG CNS Consortium)-аас төслийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг Архивын ерөнхий газрын ажилтан, албан хаагчид болон холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулах өдөрлөгийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Танилцуулах өдөрлөгийн үеэр Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Төслийн захирал бөгөөд ХЗДХЯ-ны Эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Төслийн менежер Ү Хьюн Жу нар мэндчилгээ дэвшүүлж, Төслийн үндсэн гүйцэтгэгч БНСУ-ын “Эл Жи Си Эн Эс” Консорциумаас төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол үйл ажиллагаануудыг танилцуулав.
“Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн хүрээнд архивын баримтыг хадгалах, хамгаалах орчин нөхцөлийг сайжруулах, CAMS, GAS болон портал системийг нэвтрүүлж, мэдээллийн технологийн дэд бүтэц, цахим архивыг хөгжүүлэн иргэд, байгууллагад түргэн шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг сургах, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг өргөн хүрээтэй ажлууд хийгдэх юм.