Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катрин Колоннатай Парис хотноо албан хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэхээр тохиролцлоо.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар энэ онд төрийн айлчлал анх удаа харилцан хийж, маш богино хугацаанд тодорхой үр дүнтэй ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд нар онцолж, тохиролцсон асуудлыг эрчимтэй урагшлуулахаа нотоллоо.
Монгол, Францын Онцгой эрхт түншлэлийн харилцааг өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэхэд чиглэсэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хоорондын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурлаа.
Үйл ажиллагааны төлөвлөгөө нь хоёр улсын Төрийн тэргүүн нараас 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Хамтарсан тунхаглалын хүрээнд 2023-2028 онд хэрэгжүүлэх чиглэл, салбаруудыг тодотгосон хамтын ажиллагааны замын зураг юм .
Баримт бичиг нь
1) Улс төр, аюулгүй байдал,
2) Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт,
3) Хөдөө аж ахуй,
4) Уул уурхай, эрчим хүч,
5) Тогтвортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа,
6) Шинжлэх ухаан, технологи,
7) Иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёл, археологийн салбарын хамтын ажиллагаа зэрэг 8 үндсэн хэсэг, 56 заалттай юм.