Хятадын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) болон Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар хооронд БНХАУ-ын Бээжин хотноо уулзалт зохион байгуулагдлаа.
Тус уулзалтанд Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM)-ийн дарга Фан Шиан нар цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, химийн болон хийн хэмжил зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, туршлага судлах, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал солилцож, үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулахаар харилцан тохиролцлоо.
СХЗГ нь NIM-тэй 2015 оноос санамж бичиг байгуулан хамтран ажиллаж ирсэн ба NIM-ийн зүгээс СХЗГ-ын хэмжил зүйн боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэх, Монгол Улсын масс, цахилгаан, температур, урт, даралт, нягтын эталонуудыг NIM-д шалгалт тохируулгад хамруулан нэгж дамжуулалтыг хангахад хөнгөлөлт үзүүлэх, цаг давтамж, масс, уртын хэмжлийн төрлөөр лаборатори хоорондын харьцуулалт хийж оролцох, Массын эталоны СМС-ийг BIPM-ийн мэдээллийн санд бүртгүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Энэхүү уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM) хооронд Эрчим хүчний салбар дахь хэмжлийн түлхүүр эталон ба технологийн хамтарсан судалгааны төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 650-2000 кг/м3 хэмжих хязгаартай, 0.2 кг/м3 нарийвчлалтай 39 ширхэг эталон аерометрүүдийг (NIM)-ийн захирал Фан Шан Б.Ууганбаярт гардуулан өгсөн юм.