Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо Лхам галерейн “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” Монголын 8 уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн болон албаны төлөөлөл, уран бүтээлчид оролцлоо.
Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогоо тодорхойлж, Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө болон Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталсан билээ.
Тэргүүлэх чиглэлд дүрслэх урлагийн салбар багтаж байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын уран бүтээлчид дэлхийн нэр хүнд бүхий биенналь, үзэсгэлэнд Соёлын яамны дэмжлэгтэй оролцож, олон улсад өөрсдийн бүтээлээ толилуулж байгаагийн нэгэн арга хэмжээ нь “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” үзэсгэлэн болж байна.