Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2023 оны 15 дугаартай удирдамжийн хүрээнд “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний баруун бүсийн ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.
Нэгдсэн арга хэмжээний эхний өдөр баруун бүсийн аймгууд болох Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн улсын байцаагч нар болон нутгийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнуудад ШӨХТГ-ын чиг үүргийн хууль тогтоомж, хяналт, шалгалтын чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Мөн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт, сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад худалдаа эрхлэгч, олон суваг дамжуулалт, сүлжээ дэлгүүр, штс, нүүрсний уурхай, харилцаа холбооны оператор компани, барилгын материалын худалдаа эрхлэгч нар зэрэг 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
Тус арга хэмжээний дараагийн өдрүүдэд орон нутаг дахь худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлаар үргэлжилнэ.